images

Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхий захиралтай уулзлаа

Хэвлэлийн мэдээ

2023-02-23

66

Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхий захирал Салих Хамад Аль-Шарки-тай 2023 оны 2 дугаар сарын 23-ны өдөр уулзаж, Монгол, Катарын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, 3 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулах Монгол, Катарын бизнес форумын асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсад катарын талаас хөрөнгө оруулалт хийж, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтой салбарууд болох хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын салбарын талаар товч танилцуулав. Түүнчлэн, Монгол Улсаас Катар Улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох өндөр сонирхол байгааг онцлон тэмдэглээд энэхүү ажлыг эхлүүлэх чиглэлээр Элчин сайдын яамнаас холбогдох байгууллагуудтай ажиллаж байгаа мэдээллийг өгөв. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд монголын талаас 3 дугаар сарын 6-ны өдөр болох бизнес форумд чухал ач холбогдол өгч хөдөө аж ахуй, хүнс, аялал жуулчлал, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд энэхүү форумд ирж оролцохоор төлөвлөөд байгаа тухай мэдээлж, энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад Катарын Худалдаа аж үйлдвэрийн танхимыг бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв.

Ерөнхий захирал Салих Хамад Аль-Шарки Монгол Улсын бизнес төлөөлөгчдийг Катар Улсад хүлээн авч бизнес форумыг зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлээд энэхүү бизнес форум нь хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц болохыг тэмдэглэв. Мөн, энэхүү бизнес форумд Катарын талаас дээр дурдагдсан салбарын төлөөллийг оролцуулахад анхаарч ажиллахаа мэдээлэв.

Уулзалтын төгсгөлд талууд 2007 онд байгуулсан Монгол Улсын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Катар Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хооронд байгуулсан санамж бичгийг Бизнес форумын үеэр шинэчлэн байгуулахаар тохиролцов.