Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Нийтийн эрүүл мэндийн яамны Хүнсний аюулгүй байдал, байгаль орчны эрүүл мэндийн газрын захиралтай уулзлаа
Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Нийтийн эрүүл мэндийн яамны Хүнсний аюулгүй байдал, байгаль орчны эрүүл мэндийн газрын захирал хатагтай Вассан Абдулла Аль-Бакертай 2023 оны 2 дугаар сарын 23-ны өдөр уулзалт хийв.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Катар Улс цаашлаад Булангийн орнууд руу Монголоос мах, махан бүтээгдэхүүн экспортлоход тулгарч буй Халал гэрчилгээг Монгол Улс бие даан олгодог болох асуудлын хүрээнд манай талаас Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг болох Стандарт, хэмжилзүйн газрын нэр дээр халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэлийг Катарын Нийтийн эрүүл мэндийн яамаар хийлгэх хүсэлтийг хөндөж ярилцав.
Хатагтай Вассан Абдулла Аль-Бакер Монгол Улсын Стандарт, хэмжилзүйн газар Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн Магадлан итгэмжлэлийн төвөөр магадлан итгэмжлэлээ хийлгэж чадсан тохиолдолд Катар болон Булангийн бусад орнууд тус итгэмжлэлийг хүлээн зөвшөөрдөг талаар мэдээлэв. Түүнчлэн, Нийтийн эрүүл мэндийн яамнаас тавьдаг үндсэн шаардлагуудыг хангаж чадсан тохиолдолд Катар Улс дангаараа энэхүү магадлан итгэмжлэлийг Стандарт хэмжилзүйн газрын нэр дээр хийх боломжтойг тэмдэглэв.
Уулзалтын төгсгөлд талууд Стандарт, хэмжил зүйн газар болон Катар Улсын Нийтийн эрүүл мэндийн яамны Хүнсний аюулгүй байдал, байгаль орчны эрүүл мэндийн газар хооронд техникийн уулзалтыг ойрын хугацаанд цахим хэлбэрээр хийхээр тохиролцов.
Стандарт, хэмжилзүйн газрын нэр дээр халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэлийг хийлгэхээр Катар, Саудын Араб, Эмиратын холбогдох байгууллагууд болон Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн Магадлан итгэмжлэлийн төвд хандаад байгаа бөгөөд Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн Магадлан итгэмжлэлийн төвөөс Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах саналтай байгаагаа илэрхийлээд буй.