Элчин сайд П.Сэргэлэн Катарын Гадаад хэргийн яамны Азийн газрын захиралтай уулзав.
Элчин сайд П.Сэргэлэн Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг Катар Улсын Гадаад хэргийн асуудал хариуцсан Төрийн сайд Султан Аль-Мурайхи-д барьсны дараагаар эхний уулзалтаа Катарын Гадаад хэргийн яамны Азийн асуудал хариуцсан газрын захирал Юсуф бин Султан Юсуф Ларамтай хийв.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Катарын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой, Монголын цагаан сарын шинийн 1-ний өдөр Итгэмжлэх жуух бичгийннхээ хувийг Төрийн сайдад барьж үүрэгт ажилдаа орж байгааг бэлэгшээн хүлээн авч байгаагаа тэмдэглээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлах, хөдөө аж ахуй, спортын салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа тэмдэглэв.
Түүнчлэн, хоёр орны хооронд ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй өндөр түвшний айлчлал, Монголын өдрүүд арга хэмжээ, Агаарын харилцааны хэлэлцээр Бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визний шаардлагаас чөлөөлөх хэлэлцээр, Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх II уулзалт зэргийг уулзалтын үеэр хөндөж, дэлгэрэнгүй ярилцлаа.
Юсуф бин Султан Элчин сайдыг ИЖБ-ийн хувиа барьж үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэхийн зэрэгцээ Монголын цагаан сарын баярын өдрийг тохиолдуулан Элчин сайдад баярын мэндчилгээ дэвшүүлэв. Мөн тэрээр хоёр орны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөж томоохон айлчлалуудыг амжилттай хэрэгжүүлэх, Монголын өдрүүд арга хэмжээг зохион байгуулахад Азийн газрын зүгээс Элчин сайд болон Элчин сайдын яаманд бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.