Элчин сайд П.Сэргэлэн Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг барилаа
Монгол Улсаас Катар Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Султан Аль-Мурайхи-тай 2023 оны 2 дугаар сарын 21-ний өдөр уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав. Итгэмжлэх жуух бичгийн хувийг барьсны дараа Төрийн сайд Султан Аль-Мурайхи Элчин сайд П.Сэргэлэнг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар ярилцав.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн энэ онд Монгол, Катарын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг тэмдэглээд хоёр орны улс төрийн найрсаг сайн харилцаанд тулгуурлан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр зорьж ажиллахаа мэдэгдэв. Энэ хүрээнд 3 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Монголын соёл урлагийн тоглолт, бизнес форум, загварын шоу бүхий “Монголын өдрүүд” цогц арга хэмжээг Доха хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгааг дурдаад тус арга хэмжээг амжилттай зохион байгуулахад Гадаад хэргийн яамны зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Түүнчлэн, хоёр орны хооронд Агаарын харилцааны хэлэлцээр, Иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрийг эцэслэсэн бөгөөд манай талаас хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд байгуулж, хоёр орны хооронд шууд нислэг үйлдэх, иргэд харилцан чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэх сонирхолтой байгааг илэрхийлэв.
Төрийн сайд Султан Аль-Мурайхи Элчин сайдыг Итгэмжлэх жуух бичгийн хувиа барьж, Монгол Улсаас Катар Улсад хавсран суух Элчин сайдын хариуцлагатай ажилдаа орж байгаад баяр хүргээд Катар Улсын Гадаад хэргийн яам Элчин сайдад үүргээ гүйцэтгэхэд бүх талын дэмжлэгийг үзүүлж ажиллахаа нотлов.
Мөн, тэрээр Катар Улс Монгол Улстай харилцах харилцаандаа чухал ач холбогдол өгдгийг онцлоод энэхүү харилцааг эдийн засаг, худалдаа, соёл, спортын салбарын хамтын ажиллагаа хөгжүүлэх Элчин сайдын санаачлагыг дэмжих, Катар Улсад зохион байгуулах Монголын өдрүүд арга хэмжээг амжилттай зохион байгуулах бүх талаар хамтарч ажиллахаа мэдэгдэв