ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСЛАХ САЙД САМИХ ИССА ЖОХАР ХАЯАТТАЙ УУЛЗЛАА
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Самих Исса Жохар Хаяатад Кувейтийн Гадаад хэргийн яамны Азийн асуудал хариуцсан Туслах сайдын хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь баяр хүргээд хоёр орны хооронд яригдаж буй, хүлээгдэж буй асуудлуудаар дэлгэрэнгүй ярилцав.
Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Кувейт нь өнгөрсөн 50 орчим жилийн хугацаанд улс төрийн найрсаг сайн харилцаатай явж ирснийг онцлоод энэхүү харилцааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаагаар өргөжүүлэхээр Элчин сайдын хувьд зорьж ажиллаж байгааг тэмдэглээд энэ хүрээнд 3 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Монголын соёлын урлагийн тоглолт, бизнес форум, үзэсгэлэн, загварын шоу бүхий “Монголын өдрүүд” цогц арга хэмжээг Эль-Кувейт хотноо зохион байгуулахаар төлөвлөөд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг тэмдэглэв. Энэхүү олон нийтийг хамарсан арга хэмжээг амжилттай зохион байгуулахад Гадаад хэргийн яамны зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв.
Түүнчлэн, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн Ерөнхий газрын төлөөлөгчид Кувейтийн Иргэний нисэхийн Ерөнхий газрын урилгаар тус улсад ажиллаж, өнөөдөр хоёр тал Монгол, Кувейтийн Агаарын харилцааны хэлэлцээрийг үзэглэж, Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан тухай мэдээлээд энэхүү ажил нь хоёр орны хооронд шууд нислэг үйлдэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, экспортыг дэмжих, хоёр орны хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцлов.
Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсаас Кувейт Улс цаашлаад кувейтээр дамжуулан Булангийн орнууд руу махны экспортыг эхлүүлэх асуудалд чухал ач холбогдол өгч ажиллаж байгааг тэмдэглээд Гадаад хэргийн яамнаас энэхүү асуудалд анхаарал хандуулж, холбогдох дэмжлэгийг үзүүлж ажиллахыг хүсэв.
Туслах сайд Самих Исса 1990 онд Кувейтийн эсрэг Иракийн түрэмгийллийг Монгол Улс эрс буруушааж, түрэмгий цэргээ Кувейтээс нэн даруй татан гаргахыг Иракаас хатуу шаардаж, Кувейт Улсын талд зогссон явдалд Кувейтийн Засгийн газар болон ард түмэн талархаж байдгийг илэрхийлээд хоёр орны найрсаг сайн харилцааг бэхжүүлэх, энэ харилцааг бүхий л боломжит салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа тэмдэглэв. Мөн тэрээр Элчин сайдын яамнаас санаачилсан ажил, арга хэмжээг Азийн газрын зүгээс бүрэн дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв.
Түүнчлэн, Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сан хоёр орны хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй оролцдогийг онцлоод Монгол Улсаас төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтээ албан ёсоор тавьсан нөхцөлд судалж үзэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлов.
Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар тогтмол уулзаж, түргэн шуурхай ажиллахаар тохиролцлоо.