images

КУВЕЙТ, КАТАР УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА.

Хэвлэлийн мэдээ

2023-02-06

77

Монгол Улсын Засгийн газар 2023-2024 оныг “Монголд зочлох” жил болгон зарласан билээ. Энэ хүрээнд Кувейт, Катар Улстай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Агаарын харилцааны тухай” Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Катар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулахаар Монгол Улсын ГХЯ, ЗТХЯ, ИНЕГ болон Кувейт Улсад суугаа ЭСЯ идэвхтэй ажиллаж байна.

Үүний үр дүнд Кувейт, Катар Улсын зүгээс “Агаарын харилцааны тухай” Монгол Улсын Засгийн газар, Кувейт, Катар Улсын Засгийн газар” хоорондын хэлэлцээрийг байгуулахад бэлэн байгаагаа мэдэгдэж холбогдох саналаа ирүүлээд байна. Улмаар тус асуудлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид 2 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Катар Улсад, 2 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Кувейт Улсад тус тус ажиллаж, хэлэлцээрийн төслийг үзэглэх, Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт ирэх 3 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд Кувейт, Катар Улсад зохион байгуулагдах “Монголын соёлын өдрүүд арга хэмжээ”-нд оролцох үеэр хэлэлцээрт талуудтай гарын үсэг зурахаар төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаж байна.

Хэлэлцээрийн төсөл нь нисэхийн аюулгүй ажиллагаа, нисэхийн аюулгүй байдал, агаарын тээврийн байгууллагуудын хамтын ажиллагаа, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, тариф, гаалийн татвар болон бусад хураамж, аяллын дугаар хуваан ашиглах, зэрэг зохицуулалт зарчмыг тодорхойлдог байна.

Монгол Улсын Засгийн газар, Кувейт, Катар Улсын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны тухай” хэлэлцээр байгуулснаар Кувейт, Катар болон Булангийн орнууд руу шинээр нислэгийн чиглэл нээх, иргэд харилцан хямд зардлаар нисэх боломж бүрдэх төдийгүй хоёр улсын улс төрийн сайн харилцааг соёл, урлаг, худалдаа, эдийн засаг, байгаль орчин, аялал, жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх боломж нээгдэх юм.