images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН МЭДЭЭЛЛИЙН ЯАМНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСЛАХ ДЭД САЙД САУД АЛЬ-ХАЛДИТАЙ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2023-01-30

39

Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын Мэдээллийн яамны Аялал жуулчлалын асуудал хариуцсан Туслах дэд сайд Сауд Аль-Халдитай 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр уулзалт хийв.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Засгийн газар 2023-2024 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарласныг танилцуулаад энэ хүрээнд Монгол, Кувейтийн аялал жуулчлалын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, зуны урин дулааны улиралд кувейтийн жуулчдыг Монголд аялуулах, өвлийн улиралд Монголын жуулчдыг Кувейтэд ирүүлэх чиглэлээр ажиллах хүсэлтэй байгаагаа тэмдэглэв.

Мөн Монгол Улсыг Кувейтэд сурталчлах хүрээнд “Монголын өдрүүд” арга хэмжээг 2023 оны 3 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлж, арга хэмжээг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх мөн үеэр болох бизнес форумд Кувейтийн аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Туслах дэд сайд Сауд Аль-Халдигийн хувьд Монгол, Кувейтийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн байгуулах нь хоёр улс аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай, урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх, сайн туршлага нэвтрүүлэх, хуваалцах, дэмжлэг үзүүлж ажиллах суурь болно гэдгийг онцлов.

Монголын өдрүүд арга хэмжээг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Кувейтийн аялал жуулчлал, аяллын агентлагуудын холбоогоор дамжуулан аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг бизнес форумд оролцуулах чиглэлээр ажиллахаа мэдэгдэв.