УРЬЖ БАЙНА
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамнаас санаачлан “Монголын өдрүүд” арга хэмжээг 2023 оны 3 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд Катар Улс , Кувейт Улсад зохион байгуулахаар шийдвэрлэлээ
Монгол Улсын Засгийн газар 2023 - 2024 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан, мөн 2023 онд Монгол улс болон Катар улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Монголын өдрүүд” цогц арга хэмжээг Катар Улсад 3 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд, Кувейт Улсад 3 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд тус тус зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
“Монголын өдрүүд” арга хэмжээний гол зорилго нь Катар, Кувейт Улстай хөгжүүлж буй улс төрийн сайн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, соёл урлагийн агуулгаар өргөжүүлэн баяжуулах, эдгээр орнууд цаашлаад Булангийн бусад орнуудад Монголын соёл урлаг, өв уламжлалыг сурталчлан таниулах, Монголын экспортын бараа бүтээгдэхүүн, бизнесийн боломжуудыг танилцуулах, хөрөнгө оруулалт татах, хоёр орны бизнес эрхлэгчид хооронд харилцан ашигтай хамтран ажиллах холбоо тогтоох, тэдэнд зах зээлийн шинэ боломжийг нээх, улс орныхоо эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах явдал юм.
Ерөнхий хөтөлбөр:
- Монгол – Катар, Монгол – Кувейтийн бизнес форум,
- Монголын экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн,
- Үндэсний урлагийн их театрын тоглолт,
- Хурд хамтлагийн тоглолт,
- Уран зургийн үзэсгэлэн,
- Үндэсний хувцасны загварын шоу зэрэг болно.
Дээрх арга хэмжээнд оролцох сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллагууд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим -тай холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
МОНГОЛ УЛСААС КУВЕЙТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ