МОНГОЛ УЛС, КАТАР УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 25 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Монгол, Катарын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр тохиож байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд Али бин Абдулла Аль-Махмудтай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Катар Улсын Эмир Тамим бин Хамад Аль-Танид, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс Катар Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Мухаммад бин Абдулрахман Аль-Танид илгээсэн баярын захидлуудыг гардуулав.
Уулзалтаар Элчин сайд нар өнгөрсөн он жилүүдэд Монгол, Катарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагааны хүрээг улс төрийн харилцаанаас гадна эдийн засаг, соёл, худалдаа зэрэг бусад салбарт тэлж, улам бүр бататган ажиллах эрмэлзэлтэй байгаагаа харилцан нотлов.
Уулзалтын үеэр Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Катарын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд хоёр орны ард түмний найрамдлыг бататгаж, харилцааг бэхжүүлэх чиглэлд улс төр, эдийн засаг, соёл урлагийн томоохон арга хэмжээ болох “Монголын өдрүүд” арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тус арга хэмжээ ирэх 3 дугаар сард Катар Улсад зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд энэ үеэр урлаг соёлын тоглолт, уран зургийн болон гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол, Катарын харилцааны тухай баримтат кино болон видео, бичлэгүүдийг харилцан хоёр орны үндэсний болон бусад телевизүүдээр гаргах, монголын мах, махан бүтээгдэхүүн, самар, ноос ноолуурын бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд болон аялал жуулчлалын компаниудын төлөөллийг оролцуулсан бизнес форум зохион байгуулах, мөн монголын экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талаар товч танилцуулж, эдгээр арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг хүсч, хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Али бин Абдулла Аль-Махмуд тус арга хэмжээ хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болох ач холбогдол бүхий арга хэмжээ болохыг онцолж, өөрийн зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Элчин сайд нар цаашид хувийн хэвшил, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын зүгээс санаачлан хэрэгжүүлэх арга хэмжээг тухай бүр дэмжиж ажиллахад санал нэгдэв.