ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН УДИРДЛАГАТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагатай 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр цахим уулзалт хийв. Уулзалтад МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга А.Ганхүлэг, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Ц.Гэрэлсайхан болон Элчин сайдын яамны II нарийн бичгийн дарга З.Даваажав нар оролцов.
Уулзалтын үеэр Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Засгийн газар 2023 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан, мөн 2023 онд Монгол, Катарын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйтай холбогдуулан энэ оны 3 дугаар сард Катар, Кувейт Улсад зохион байгуулахаар төлөвлөж буй Монголын өдрүүд арга хэмжээ, түүний хүрээнд зохион байгуулах урлаг соёлын тоглолт, монголын мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуурын бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд болон аялал жуулчлалын компаниудын төлөөллийг оролцуулсан бизнес форум, монголын экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн тухай товч танилцуулж, эдгээр арга хэмжээг зохион байгуулахад МҮХАҮТ-тай хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, Кувейт Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим бизнес форумын үеэр хоёр орны Худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, цаашид хамтран ажиллах манай талын саналыг дэмжсэнийг мэдээлэв.
МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн МҮХАҮТ бизнес форумыг гадаадын улс орнуудтай зохион байгуулах туршлагатай бөгөөд Катар, Кувейт Улсад эх орноо сурталчлан таниулах зорилго бүхий Монголын өдрүүд арга хэмжээг зохион байгуулах Элчин сайдын санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж, МҮХАҮТ-ын зүгээс зохион байгуулалтын хувьд бүхий л талаар дэмжиж оролцоход бэлэн байгаагаа нотлов. Мөн тэрээр Монгол Улсын уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүнүүд болох мах, ноос ноолуур, болон самарыг Катар, Кувейт цаашлаад Булангийн орнууд руу гаргахад энэхүү бизнес форум чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.