ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ

2024-05-31


Тус ЭСЯ нь Монгол Улсын Иргэний хууль, Нотариатын тухай хуульд заасны дагуу Кувейт, Катар, Бахрейн зэрэг орнуудад оршин суугаа Монгол Улсын иргэдэд нотариатын үйлчилгээ үзүүлнэ. Төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд итгэмжлэлийг цахимаар үйлдэж байгаа ба үүний тулд иргэд дараах https://consul.notary.mn/login цахим хаягаар өөрийгөө бүртгүүлж, нэвтрэх эрхээ авах шаардлагатай аж. Цахим нотариатын эрх авсны дараа уг хаягаар нэвтэрч өөрт тохиромжтой итгэмжлэлийн загварыг бөглөн ЭСЯ-нд ХЯНУУЛАХ-аар илгээнэ. 

Шинэ хэрэглэгчийн бүртгэл үүсгэх, итгэмжлэл хянуулахад анхаарах зүйлс:

1. Бүртгэлийг зөвхөн кириллээр үйлдэнэ,

2. Бүртгэл хэсгийг үг, үсгийн алдаагүй, сайтар хянаж оруулах, (Алдаатай оруулснаас болж тухайн хэрэглэгчийг систем дахин хүлээж авдаггүй болно)

3. Заавал хоёр e-mail хаягтай байх шаардлагатай, (Үндсэн, баталгаажуулах цахим шуудангийн хэсэгт ашиглана)

4. Итгэмжлэлийг үг үсгийн алдаагүй, агуулгыг ойлгомжтой, товч байдлаар оруулах,

5. Хэрэв өөрт таарах эрх байхгүй бол агуулга хэсэгт эрхээ шивж бичих, 

6. Итгэмжлэлд олон төрлийн эрхийг оруулахаас татгалзах, итгэмжлэлийг аль болох агуулгаар нь салгаж үйлдэх,

7. Эрх давхардуулж оруулах, бүх эрхийг чагтлахгүй байх (шилжүүлж байгаа эрхээ зөв сонгох),

8. Хүний өмнөөс итгэмжлэл үйлдэх боломжгүйг анхаарах. (Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчийн нэрээр итгэмжлэл үйлдэнэ)

9. Нэг итгэмжлэлийг олон дахин явуулахгүй байх. Хадгалсны дараа ЭСЯ-руу хянуулах товчийг дарах. 

10. Хавсралтыг заавал оруулах. (Гадаад паспорт, иргэний үнэмлэх, үл хөдлөхийн гэрчилгээ, төрсний гэрчилгээний хуулбар г.м)

Итгэмжлэл гэрчлэхэд анхаарах зүйлс:

1. Хүчинтэй гадаад паспорт эсхүл иргэний цахим үнэмлэхтэй ирэх.

2. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэхэд гэрчилгээг эх хувиар авч ирэх эсхүл нотариатаар батлуулсан хуулбарыг ГХЯ-аар дамжуулан ЭСЯ-нд ирүүлэх

3. 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах тохиолдолд хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг болон эх хамтарч итгэмжлэл гаргаагүй тохиолдолд тухайн итгэмжлэлийг олгохыг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр гаргасан эцэг/эх/-ийн хүсэлт;

4. Хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн баримт бичиг;

5. Үйлчилгээний хураамж 10 ам.долларыг ЭСЯ-ны дансанд шилжүүлсэн баримт (нотариатын үйлчилгээ тус бүр нь 10 ам.доллар)

Цахим нотариатын үйлчилгээ нэвтэрсэнтэй холбогдуулан ГХЯ 12-р сарын 1-ний өдрөөс эхлэн итгэмжлэлийг дамжуулж олгохоо больсон бөгөөд оронд нь хүлээн авах төлөөлөгч өөрт ойрхон байрлах нотариатчаас авах боломжтой болсон. Үүний тулд төлөөлүүлэгч иргэн итгэмжлэлийн зүүн доод буланд байрлах QR код эсвэл үсгэн кодыг төлөөлөгчид илгээх шаардлагатай аж. Дээрх кодоор дамжуулж нотариатч тухайн итгэмжлэлийг шүүж, хэвлэж баталгаажуулж өгснөөр итгэмжлэл хүчин төгөлдөр болно.